Өмнөх дугааруудын онцлох нийтлэл, материалууд
Одоогоор 27 дугаар хэвлэгдсэн
Сонинг зөвхөн сониноос нь...
Сонин яагаад интернетээс давуу вэ?
1. Байнга компьютер ширтэж бие, нүдээ чилээх шаардлагагүй.
2. Дуртай газраа, дуртай цагтаа ашиглаж болно. Халаасандаа хийгээд л аваад явчихна.
3. Бага цагт оновчтой мэдээллийг олж авна.
4. Насан туршдаа хадгалж болно. Үнэхээр хэрэгтэй зүйл бол хадгалж байгаад ачтай болхоороо уншуулсан ч хуучрахгүй. Харин интернетийн сервер хэзээ ч устаж магадгүй.
УХААНЫГ УНДРУУЛНА булан
Суутны сэтгэлгээний арван арга
Намайг жаахан хүү, сургуулийн сурагч байхад би яаж ч хичээгээд хариуг нь олж чаддаггүй хэдэн зовлонтой асуултууд байдаг сан. Гэтэл багш нар маань тэдгээр асуултын хариуг олоход надад туслахгүй мөртлөө намайг анхаарал чинь төвлөрөхгүй байна, тэнэг юм шиг ерөөсөө юм хийхгүй байна” гэх мэтээр л хэлдэг байлаа. Тэр зовлонтой асуултууд дунд:
Яагаад газарзүй, түүх, англи хэл, байгалийн
шинжлэл гэх мэт хичээлүүд биеийн тамир, зураг, хөгжмийн хичээлээс чухал гэгддэг юм бол?
Яагаад хөвгүүд бид “мундаг” гэж тооцдог хүүхдүүдийг багш нар маань болохоор “хөнгөн”, “хийсгэн”, “сахилгагүй” гэх мэтээр үнэлж, харин хөвгүүд бид нарт тэнэг санагддаг хүүхдүүдэд онц тавьж, магтан мандуулдаг юм бол?
Яагаад надаас бага мэдлэгтэй хүүхдүүд үл ойлгогдох шалтгаанаар надаас өндөр оноо, дүн авчихсан байдаг юм бол?
Бас яагаад заримдаа би нэлээд өндөр оноо авчихсан байхад надаас илүү мэдлэгтэй чадвартай хүүхэд бага оноо авчихсан байдаг юм бол? зэрэг асуултууд байсан юм.
Харин багш нар маань миний тухай:
залхуу
хоосон мөрөөдөх дуртай
анхаарлын төвлөрөл сул
уран сайхны авъяас огт заяагаагүй нь илт хүүхэд
ангид муу нөлөө үзүүлдэг
биеийн тамирын хичээлд сонирхолгүй
түүхийн хичээлд дэндүү муу, сонирхол ч байхгүй, авъяас ч байхгүй
дээд сурьгуульд орж цагаа үрэх хэрэггүй
уг нь илүү үр дүнд хүрэх далд чадвартай”
гэх зэргээр тодорхойлсон.
Магадгүй, таныг ч бас ингэж дүгнэж байсан л биз. Яваандаа хариу нь олддоггүй миний зовлонт асуултууд гурван гол асуудал болж ирсэн юм.
1.Тухайн хүний ухаантай эсэхийг ер нь хэн мэдэх юм бэ?
2.Ер нь “ухаан” гэдгийг хэн тодорхойлж чадах юм бэ?
3.Оюуны хөгжлийн”IQ” түвшнээ дээшлүүлэх боломжтой юу, эсвэл хүн заяасан ухаанаараа л амьдардаг юмуу?
Ингээд би өөрийн амьдралын нэгэн гол зорилгыг эдгээр гурван асуултын хариуг олоход зориулсан юм. Оюуны чадварыг судлах, яаж хөгждөгийг нь мэдэх болон бидний интеллект /оюун ухаан, авъяас чадвар/ чадварыг хөгжүүлэхэд тусалдаг Оюуны карт зохиох зарчмуудыг боловсруулахад 30 жил зориулсан.
Таны дотоод сэтгэлийн гүнд далд “зүүрмэглэн”, танаас дуудлага ирж сэрээхийг хүлээн байгаа оюуны олон чадваруудаа сэрээгээрэй!
Хүний оюун ухааны тухай бидний мэдлэгийн хөгжиж ирсэн түүх бол тун гайхалтай. Шилдэг сэтгэгчид “Ямар хүчин зүйл биднийг амьдрахыг албадаж байдаг вэ?” , “Чухам ямар хүчин зүйл ухаантай болгодог вэ?” гэсэн асуултуудад хариу эрсээр ирсэн бөгөөд сонирхолтой нь оюуны хөгжлийг коэффицент илтгэцүүрээр хэмжих санаа бүр 100 гаруй жилийн өмнөөс үүсчээ. Судлаачид “Хүний оюун ухаан олон төрөл хэлбэртэй байдаг бөгөөд зөв хөгжүүлж чадвал тэдгээрийн нэг бүр нь бусадтайгаа тохирч ажилладаг” гэдгийг ойлгосон.
Жинхэнэ ухаалаг хүн бол хүрээлэн байгаа бодит орчны янз бүрийн тохиолдолд үүсдэг асуудлуудыг шийдэхийн тулд оюун ухаанаа ашиглаж чаддаг хүн юм. Жинхэнэ оюун ухаан бол спортоор хичээллэх, бусад хүмүүстэй харьцах, сексээс таашаал авах зэрэг бидний амьдралын аль ч нөхцөлд бүх боломжоо ашиглахад илэрдэг. Хэрэг дээрээ бол бид бүхий л амьдралынхаа турш ухаалаг болсоор л байдаг.
Танд байгаа 10 интелект чадвар нь Бүтээлч, Сэтгэл хөдлөлийн болон оюуны хөгжлийн итгэлцүүрт хамрагдах Уламжлалт интеллектүүд гэсэн гурван ангилалд хуваагддаг.
1. Бүтээлч болон Сэтгэл хөдлөлийн интелектүүд
1. Өөрийгөө бий болго- таны Бүтээлч интелект
Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Харин одоо бол энэ авъяас бэлгийг хэвийн эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдгийг бид мэдэж авлаа. Хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.
Тодорхойлолт:
Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд шаардлага гарвал “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:
Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.
Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх төны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.
Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанруудыг агуулсан хүнийг олон бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч хэрэг
дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн
өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.
Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэж, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.
Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд ихэнхдээ эрх баригчидтай санал нийлдэггүй. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Та энэ бүлгээс өөр юу мэдэж авч болох вэ?
Таныг оюун ухааны дасгал хийж байх үед бүтээлчээр сэтгэх таны чадвар улам өргөснө. Хэдэн минутын дотор та зураг зурж /муугүй зураач болохоо та олзуурхан мэдэх болно/, яаж хошин шог яриа зохиохыг сурч, таны бүтээлч чадварын шандасыг чанга бат байлгахад туслах дасгалууд өгнө.
Та үүнийг мэдэх үү?
Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна.
Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог.
Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм.
Бүтээлч интеллектийн од болсон хүн
Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!
Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж.
Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.
Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ
Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв.
Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм.
Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв.
Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж, бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирдаг хүн юм.
Та үүнийг мэдэх үү?
Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг, 1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.
Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.
Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.
Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд
Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.
1. Мэдрэмжээ хөгжүүлэх
Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.
2. Шинжлэх ухааны урлагийг судлах
Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.
3. Урлагийн шинжлэх ухааныг судлах
Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.
4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах
Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.
Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.
Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.
Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй аж.
Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.
Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”
ТЭМҮҮЛЭЛ булан
Амжилтын түлхүүрүүдийн нэг бол илтгэх чадвар
Алдаагүй сайхан ярих нь
амжилт алдарыг авчирдаг
Хүн ухаан орсон цагаасаа ямар нэг зүйлрүү тэмүүлж амжилтанд хүрэхийг мөрөөдөж байдаг. Амжилтыг авчирдаг олон чадвар хүнд заяадагаас илтгэх чадвар шиг хүчтэй чадвар байдаггүй. Алдаагүй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр амжилтыг дагуулж байдаг. Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн олон үйл явдлуудад үгийн хүчийг ашиглаж байсан. 1963. 8. 23 өдөр Жон Кеннедигийн бунхны өмнө хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютор Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тависан алдартай илтгэлээрээ хар цагаан ялгаагүй бүгд тэгш эрхтэй гэдгийг сая хүний өмнө үгийн хүчээр л итгүүлж нотолж чадсан.
1990 оны ардчилсан хувьсгалыг аваад үзье. Сүхбаатарын талбай дээрх мянга мянган хүний зүрх сэтгэлийг зэвсгээр бус үгийн хүчээр байлдан дагуулж уриалж байсан. Үгийн хүч зэвсгийн хүчнээс хүчтэй байдаг. Өөрийн ярих чадварыг ашиглаж амжилтанд хүрсэн хүний түүх олон. Европын мөнгөний эцэг гэгдэх алдарт Бодо Шефер 25 настай байхдаа өртөй өөрийн байгаа байдалдаа сэтгэл дундуур байдаг байсан. Гэвч тэр 30 нас хүрэхдээ саятан болж олны хүндэтгэлийг хүлээсэн алдартай хүн болоход түүний гайхалтай сайхан ярих чадвар нөлөөлсөн гэдэгийг өөрөө ч хүлээн зөшөөрдөг. Дейл Карнегийн амьдрал тийм ч сайн байгаагүй. Гэхдээ тэр сайхан ярих чадвараараа сүмийн багш нарт тоогдож улмаар сүмийн номлогч болж өөрийн илтгэгч болох гараагаа эхэлсэн. Дэлхийн алтартай менежерүүд өөрийн хэл яриандаа анхаардаг байсаны дотор Форд Моторс компаний ерөнхийлөгчөөр 8 жил ажилсан Ли Яккока ч илтгэх урлагт их ач холбогол өгч сургалт дамжаанд сууж байсан. АНУ-н саятан Филип Армор гэдэг нөхөр сая доллар хуримтлуулчихаад их хөрөнгөтэй байснаас алтартай илтгэгч байсан нь дээр гэж хэлж байсан удаатай. Цаг хугцаа урсан өнгөрч хэлсэн үг мөнхрөн үлддэг гэдгийг үе үеийн илтгэгчид улс төрчидийн түүхээс та харж болно. Ялангуяа хүнтэй ажилдаг, удирдах албан тушаалтнууд энэ гайхалтай чадвараар өөрийн нэр хүндээ өсгөдөг. Энэний ач холбогдолыг өндрөөр үнэлдэгийн гэрч нь өнөөдөр АНУ-н ерөнхийлөгчийн дэргэд зөвхөн үгийг нь бэлддэг 7-10 хүн ажиллаж байна. Хүний энэ нийгэм хэл яриагаараа л ойлголцож амжилтанд хүрдэг болохоор арга ч үгүй бизээ. Бидний жишээ авах дуртай Уинстон Черчиль 21 настай байхдаа өөрийн илтгэх урлагийн гарын авлагыг гаргаж сайхан ярьж хүмүүсийн сэтгэлийг татаж хүн төрлөхтний түүхэд мөнхөрсөн юм. Илтгэх чадварыг сайн эзэмшсэн хүн хүмүүсийн хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг. Дэмжлэгийг хүлээж чадсан хүн амжилтыг, алдар нэрийг араасаа дагуулдаг. АНУ-н сенотар асан Чонси М Депью хэлэхдээ “Хүний эзэмшиж чадах чадваруудаас сайн ярьдаг чадвар шиг түүнд дэвших хийгээд бусдад тоогдох боломж олох нь нэг ч үгүй” гэжээ.
Хэлсэн нэг үг хэчнээн их хүний анхаарал татаж чаддаг. Үүний тод жишээ АНУ-н ерөнхийлөгчид нийгэмд тохиолдож байгаа элдэв үзэгдэл бүрийн дараа ард түмнийхээ өмнө ярьж, ярилцаж өөрийн ажлаа дүгнүүлж ойлгуулж байдаг. Арга ч үгүй биз үгээр ойлголцож амьдардаг хорвоогийн жам хойно.
Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудад илтгэх урлаг гэдэгийг хүн болгоны эзэмших ёстой чадваруудын нэг гэж ойлгодог болжээ. Иймээс энэ чиглэлийн хичээл сургууль бүрт орж, албан бус сургалтууд хүчээ аван хөгжиж байна. Саяханы нэг судалгаагаар үгийн баялагын
тоо тухайн хүний орлоготой шуудхамааралтайг тогтоожээ.
Ер нь бол илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг.
Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Таньд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.
Лектор төв
Илтгэх ярианы бүтэц
Утга санаг урдаар бод, тэгээд бич!
Угаас хэлэх гэсэн юм чинь тодорхой бус бол
Учир утгатай үг эрээд нэмэргүй ээ
Ухаан бодолд утга санаа тунараад ирвэл
Уран яруу үг урсаад ирнэ ээ, танд.
Н.Буало
Сэдэв сонгох
Ямар ч үг яриа ерөнхий болон тодорхой шинж чанартай байдаг. Сэдэв гэдэг бол юу ярих тухай ойлголт мөн боловч маш нарийн зүйл. Гүн ухааны ойлголтоор ерөнхий болон тусгай бие биедээ шилжиж болдог боловч энэ харьцангүй зүйл.
Гүн ухаантан Брэндет Мэттьюз “ингэж хэлээрэй гэхийг хэлэх шиг амархан юмгүй. Харин та ямар нэгэн юм хэлээрэй гэдгийг хэрэгжүүлэх маш хэцүү” гэсэн. Энэ бол жирийн үг биш.
Ер нь бол илтгэх чадварыг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй иргэнлэг хүн болж төлөвшдөг.
Та хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо чадварлагаар илэрхийлэхийг хүсвэл илтгэх урлагт яг одооноос эхлэн суралцаарай. Таньд алдар, амжилт ар араасаа цувран ирнэ гэж итгэж байна. Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас л ирдэг юм.
Бодож эхлэнэ гэдэг бол ажлийн эхлэл, бодсоноо
цаасан дээр буулгана гэдэг бол ажлын тал хувь
гэдэг энэ зарчиаар та яг одоо унш, суралц,
дасгал хий...Та яриа хийхдээ нэг юм уу хоёр дагнасан сэдэв тогтмол яривал энэ маш хөгтэй зүйл. Учир нь тантай ярилцаж байгаа хүмүүс янз бүрийн үзэл бодолтой, өөр өөр хүсэл эрмэлзэлтэй гэдгийг мартаж болохгүй. Нягт нарийн санах зүйл байх ёстой. Үүнд:
1. Ийм зүйл ярих туршлага буюу онолын бэлтгэл танд бий юу?
2. Таны яриа найз нөхөд болон сонсогчдын сонирхолд таарч байна уу?
3. Хамгийн сүүлийн үеийн ном дэвтэр, лавлах бичиг, сонин сэтгүүлд яаж тусч байна вэ? Та энэ тухай битгий мартаарай. Бас нэг чухал зүйл нь та ярьсан зүйлээ хариулахад хэзээд бэлэн байх ёстой. Та үнэхээр ярих урлагийг эзэмшсэн бол таны яриа сонсогчдын сонирхолтой нийцэх учиртай шүү. Хэн ч, хэзээ ч, ямар ч сэдвээр ярьж болох боловч заавал бодох учир начир бий. Тухайлбал:
- сонсогчдын сонирхолтой нийцэх,
- нэг хүний биш, нийтийн сонирхолд таарах,
- цаг үеийн сонирхолтой хэрхэн уялдах,
- тодорхой сонирхол чухам юу болох,
- шинэ буюу шинэлэг сана бий эсэх,
- ээдрээтэй асуудлыг агуулсан байх зэрэг чанар сэдэв сонгоход гүн гүнзгий учир холбогдолтой юм.
Ямар ч сэдэв байсан үндсэн зорилго нь сонсогчдын сэтгэлийг сэргээх, шинэ зүйлийг мэдээлэх, урмыг сэргээх, итгүүлэн сэнхрүүлэх, уриалан дуудах, агуулга төгөлдөр байвал өгөөж дээшилнэ.
Сонгосон сэдэвтээ оновчтой нэр өгөх тийм ч амаргүй. Ямар ч болсон алив нэр товч, санаа авахуйц, зохистой, тодорхой, сонирхолтой, хошигносон, егөөдсөн, хачирхалтай болж уу, үгүй юу гэдгийг уужуу сэтгэлээр тунгаах нь чухал.
Хатуу анхаарах зүйл бол ерөнхий зорилгоо тодорхойлоогүй бол, тодорхой зорилго тавиагүй бол хэзээ ч үг хэлэх хэрэггүй. Өөрийгөө шалгаж үзэж бай. Эртний сургаалд:
Сайн морины чадлыг унаж үзээд мэдэх
Сайн зааны хүчийг дайсанд тавибал мэдэх
Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх
Сайн эрдэмтний мэргэнийг ном зохиолоор нь мэдэх гэж бий.
Үнэндээ хэн ч гэсэн анхаарах хэдэн зүйл байдаг.
1. Чин үнэнээсээ ярих зүйлээс эхлэх,
2. Хамгийн их сэтгэл хөдөлсөн зүйлээ мэдрэх,
3. Үүнийг ярихад яг бэлэн байгаадаа итгэл төгс байх.
4. Хүмүүстэй даруу мөртлөө дотно харьцах зэрэг болно.
Франклин Рузьвелт хүү Джемстээ “Үнэн голоосоо маш товч хэл, тэгээд л суучих” гэж нийтийн өмнө үг хэлэхэд ямар байхыг зөвлөж байжээ.
Германы улс төрчдийн онцлог нь, цагийг нь олж оновчтой хошигнох, өрсөлдөгчийн эмзэг газар нь түнших, эвгүй байдлаас хэнд ч анзаарагдахгүйгээр хялбархан гарах. ам хуурай байхгүй мөртлөө олзлогдохоор үг алдахгүй байх зэрэг нь улс төрийн зүтгэлтэнд байвал зохих чанар төдийгүй тэдний нэр хүнд өсөхөд түлхэц болдог гээд өөрсдийгөө сурталчлахдаа хэрэглэдэг 8 аргыг дурджээ:
- тавьсан асуултанд шүүмжлэлтэй хандах,
- өөрийн хувийн бодлыг онцлох,
- өрсөлдөгчрүүгээ илэрхий довтлох,
- өрсөлдөгчөө далдуур мэрэх
- аливаа баримт нотолгоо, үйл явдлыг үндсээр нь үгүйсгэх,
- нэг ойлголтыг нөгөөгөөр бүрхэгдүүлэх,
- хариуцлагаас зайлсхийх,
- илэн далангүй байдал гэжээ.
Ц.Сүхбаатар, П.Увш “Илтгэх урлаг”
СЭТГЭЛИЙГ СЭРГЭЭНЭ булан
Ялах хүслэн
Олон жилийн өмнө нэгэн агуу их жанжин хожим түүнийг ялалтанд хүргэсэн шийдвэрийг гаргах эсэхээ сонгох ёстой болов: ялалт хийх, шийдвэр гаргах ёстой байв. Дайсны цэргүүд жанжныхаас хамаагүй олон байлаа. Ингээд жанжин цэргүүдээ усан онгоцонд суулган дайсны байрлал руу сэлэв. Эрэг дээр буумагц усан онгоцоо шатаа гэж тушаажээ. Жанжин тулалдааны өмнө цэргүүддээ хандан: “Манай онгоцноос гарч буй утааг харж байна уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэрэв бид ялахгүй бол эндээс амьд буцахгүй гэсэн үг” гэжээ. Тэгээд тэд ялав.
Ялахыг хүсэгч буцах замаа тасдан, ар дахь гүүрээ шатаах ёстой. Ялалтын халуун хүслийг зөвхөн ингэж л хадгална, амжилтанд энэ маш чухал.
...Чикагогийн гамшигт их түймрийн маргааш өглөө өчигдрийн их хөрөнгийн утаа суунагласан үлдэгдэл дунд, Стейт-стритд хэсэг худалдаачин зогсож байв. Тэд, түймэрт алдсанаа сэргээх үү, эсвэл аз завшаантай өөр газар хайхаар Чикагогоос явах уу гэдгээ зөвлөж байлаа. Тэгээд нэгээс бусад нь бүгдээрээ явжээ.
Чикагод үлдэхээр шийдсэн худалдаачин Маршалл Филд: “Сайн санаат хүмүүсээ, би яг энд дэлхийд цуутай дэлгүүр байгуулна, хэдэн удаа шатах нь надад хамаагүй” гэжээ. Энэ явдал зуун жилийн өмнө болсон юм. Дэлгүүр байгуулагдсан. Ялах хүслэн гэж нэрлэгддэг, сэтгэлийн хүчний дурсгал мэт одоо хүртэл тэр байж л байна.
Мэдээж хэрэг, Маршалл Филдэд явчих нь илүү амар байсан. Яг үүгээрээ тэр бусад худалдаачдаас ялгаатай- амжилтанд хүрсэн хүн ялагдалд орсон хүн хоёрын ялгаа энэ.
Мөрөөдлөөс бодит байдал хүртэл
Бид хувирамтгай хорвоод амьдарч байна. Шинэ санаа, шинэ хандлага, шинэ толгойлогч, нээлт, сургалтын ба маркетингийн систем, шинэ ном, телевиз киноны хөтөлбөр шаардаж байна. Энэ бүх шинэ, сайхан юмны хэрэгцээний уралдааны, хэнд тодорхой зорилт амжилтын халуун хүсэл байна тэр ялна. Ойлгоогүй, үл үзэгдэх хүчийг, гарч ирээгүй боломжийг ашиглаж чадсан, энэ хүчийг /эсвэл эрч хүч, санаа/ амьдралыг улам тохитой болгох сүндэрлэсэн барилга, хот, үйлдвэр, нисэх онгоц, автомашин, бусад зүйл болгон хувиргаж чадсан хүмүүс л энэ дэлхийд жинхэнэ толгойлогчид болж байсан. Бидний мөрөөдөлд юу ч нөлөөлөх ёсгүй. Хэрэв таны хүсч байгаа юм чинь сайн, хамгийн гол нь түүндээ шингэж байгаа бол- бүү эргэлз, ажиллаж эхэл! Гэв гэнэт та бүтэлгүйтвэл “тэд юу гэх нь хамаагүй, яагаад гэвэл тэд, бүтэлгүйтэл бүрд төдий хэмжээний амжилтын үр хөврөл байдаг гэдгийг мэдэхгүй.
Томас Эдисон чийдэн мөрөөдөж байсан. Тэр туршилтанд шууд орсон, арван мянган удаа бүтэлгүйтэж байсан хэдий ч, мөрөөдөл нь бодит дүр төрхтэй болтол санаснаасаа ухраагүй. Жинхэнэ мөрөөдөгчид ажилаа хаядаггүй.
Ах дүү Райтууд нисдэг аппарат мөрөөддөг байлаа, эдний мөрөөдөл эрүүл саруул байсан эсэхэд өнөөдөр хэн ч эргэлзэхгүй.
Үл мэдрэгдэх хүчний тусламжаар агаараар дохио дамжуулахыг Маркони мөрөөдөж байлаа. Тэр хоосон мөрөөдөөгүйн баталгаа нь өнөөгийн радио болон телевиз. Биет дамжуулагчгүйгээр агаараар мэдээлэл дамжуулах хууль нээлээ гэж тунхаглахад, Марконын нөхөд түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт явуулж шинжилгээ хийлгэсэн нь сонирхолтой.
Ингээд, мөрөөдөгчийн хүсэл гарааны цэг. Залхуугаар, өөртөө итгэлгүйгээр мөрөөдөлдөө хүрэхгүй.
Барианд түрүүлж ирсэн хэн бүхэн гараанаас урьтаж гарсан гэдгийг хатуу сана. Эдний амьдралын эргэх эгшин аль нэг хямралтай давхцаж тэд түүнээс өөр хүн болон гарч байлаа. Джон Банъян шашны хэргээр шоронд суусныхаа дараа “Даяанчлал” ном бичсэн нь англи хэл дээрх хамгийн сайн бүтээлийн нэгэнд тооцогддог. О’Генри Огайо мужийн шоронд сууж байхдаа буюу амьдралын гунигт мөчид өөрийнхөө суу билгийг мэдсэн юм. Түүний “хоёр дахь би” амьдралын нөхцөл байдлаас гарч ирсэн. Тэр гэмт хэрэгтний амьдралаас зохиолчийн амьдралыг илүүд үзсэн нь ойлгомжтой.
Чарлз Диккенс шилэн савны шошго наахаас эхэлсэн. Анхны хайрын эмгэнэл түүний сэтгэлийг суут зохиолч болтол нь нээсэн. “Девид Копперфилд” болон бусад олон бүтээлийг энэ эмгэнэл дэлхий дахинд өгсөн.
Элен Каплер төрснийхээ дараахан дүлий, сохор, хэлгүй болсон. Ийм гай зовлон дайрсан ч гэсэн Элен Кеплер хөгжмийн түүхэнд нэрээ мөнхжүүлэн үлдээсэн. Өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй бол хэн ч ялагдахгүй гэдгийг тэр бүх амьдралаараа баталсан.
Роберт Барнс хөдөөгийн бичиг үсэггүй залуу байсан. Хоосролд нэрвэгдсэн энэ залуу архичин болох байлаа. Гэхдээ энэ хүнд, урьд өмнө шарилж ургадаг газар сарнай ургатал яруу найргийн хэлбэрт оруулах чадал байсан юм.
Бетховен дүлий, Мильтон сохор байсан, гэхдээ эдний нэр ертөнцийн мөхөлтэй хамт алга болно. Учир нь тэд мөрөөдөж чаддаг төдийгүй, өөрийнхөө мөрөөдлийг өөрчлөн хувиргаж, зохион байгуулж чаддаг байлаа. Хүслэн, түүндээ хүрэхэд бэлэн байгаа эсэхийн хооронд ялгаа байна. Хэрэв та итгэхгүй байгаа бол бэлэн биш байгаа нь тэр. Эцэст нь... Дээшээ цоройход, хөгжил цэцэглэл элбэг дэлбэгийг хүсэхэд, ядуурал хоосролыг тэвчихээс бага хүч шаардагдана гэдгийг сана.
Наполеон Хилл “Сэтгэ, баяж” ОрчуулагчГ.Пүрэв
Махатма Ганди буюу үнэний эрэл
Махатма Ганди буюу Мохандас Карамчанд Гандийн үлэмж их амьдралын тухай бичье гэвэл хэдэн жил нойргүй хонож, хэдэн мянган хуудас тэрлэх бөлгөө. Учир иймд миний бие Энэтхэгийн ард түмний их хүүгийн утга төгөлдөр амьдралын нэгэхэн хэсэг болох зан суртахуун хийгээд бишрэл шүтлэгтэй холбоотой санаа бодлыг нь толилуулахыг хичээв. Ертөнц дахинаа хийгээд улс оронд минь болж буй үйл явдал өдгөө анхаарал татаж, яг л ийм үед хүлцэнгүй байх, тэвчээртэй байх, хүч үл хэрэглэх онол бидэнд ус, агаар шиг хэрэгтэйн улмаас үүнийг толилуулах нь зүйн хэрэг хэмээн үзвээ!
Энэтхэгийн Порбандар нутагт 1869 онд төрж, дал гаруй насандаа хоёр шашинтны хооронд хагарал гарахад эвлэрүүлэх гэж яваад алагджээ. Өөрийгөө буудсан хүнд “үйлс тань бүтэг” гэж хэлээд таалал төгссөн энэ их хүний шарилыг Энэтхэг ёсоор зандан модны галд шатааж, үнсийг нь ганга мөрөнд хийж ёсолсон газарт нь “Үнэн буй” гэсэн бичээстэй гантиг самбар
тавьжээ.
Насан туршдаа үнэн хийгээд бурхныг эрхэмлэн дээдлэж “над мэтийн зуу зуун хүн сөнөг, гэвч үнэн ялна. над мэтийн төөрөлдөгч мөнх бус хүний тухай шүүн бодохдоо үнэнээс хялгасан төдий ч ухарч болохгүй” гэж “Миний амьдрал” номынхоо оршилд бичжээ. Бүхий л амьдралдаа архи, тамхи, самуун явдлыг цээрлэж, мах иддэггүй байсан энэ хүн төрөлхийн ийм ариун явдалтан байсан уу? гэвэл үгүй! Тэр бидэнтэй л адилхан нүгэлт хүн бөгөөд сэтгэл зүрх, бие махбодь нь мах идэж, архи дарс ууж, садар явдалд нэг бус удаа татагдаж байсан ч өөртэйгээ тэмцэх, өөрийнхөө сул талыг ялах хүчийг “өөрөөсөө олсон юм”. Хэлэх ёстой хүндээ чин сэтгэлээр үнэнээ хэлж, дахин нүгэл үйлдэхгүйгээ амлах нь гэмшихийн хамгийн ариун хэлбэр мөн гэж тэр
бичжээ. Тэрбээр:
“Аяга ус өгвөл амтлаг хоолоор хариу барь
Амрыг чинь эрж мэндэлбэл арай илүү бөхий
Алтаар хариу барь, бутархай мөнгө өгвөл
Амиа бүү хайрла, хэрвээ түүнийг чинь аварвал
Цэцэд гэдгийн үйл хэрэг, үг хэл нь ийм юм.
Чиний өчүүхэн тусыг чинээнд нь хүртэл хариулдаг юм.
Жинхэнэ ариун явдалт хүн гэгч бүгдийг ижил үзэж
Жигшүүрт зовлон авчрагчдад ч жаргал цэнгэл амладаг...”
гэсэн сургамжит энэ мөрүүдэд дуртай байв. “Өвчтэй хүнийг асрамжлах нь миний хамгийн дуртай ажил” гэж Махатма Ганди хэлжээ. Зөвхөн ганц энэ мөрөөс л түүний хэн болох нь танигдана. Түүний бишрэн хүндэтгэдэг хүн нь Оросын их зохиолч Л.Н.Толстой байв. Толстой бол бас л хүч үл хэрэглэх аргыг сайшаадаг, насан турш үнэний эрэлд зүтгэсэн хүн. хорыг ачаар хариул, хүн муу юм хийвэл хариуд нь сайн юм хий гэдэг зан суртахууны аугаа их зарчим өрнийн суут зохиолч, дорнын гүн сэтгэгч
хоёрыг мөнхөд холбожээ.
“Зан суртахуун бол бүх юмны үндэс мөн, үнэн бол зан суртахууны мөн чанар юм” гэж тэд үзэж байлаа. Нийт хүн төрөлхтний оюуны үнэт зүйлийн тухай авч үзэх нь өөрчлөн байгуулалтын үед амьдарч буй бидний хүсэл сэтгэлд нийцэх ёстой. Бид бачимдаж, түгшиж яарч сандарч байна. Энэ бол алдаа юм. Бид дорнын хүмүүс гэдгээ үл мартаж, уужуу тайван, ухаалаг, хүлцэнгүй байх нь өөрчлөн байгуулалтыг амжилтанд хүргэнэ. Бие биеэ доромжлох, гүтгэх, хувийн өс хонзон авах явдал ихэссэн одоо үед гагцхүү хүлцэнгүй байх, хүлээцтэй хандах л биднийг аварна.
Энэ ертөнц дээр ганцхан чи, эсхүл би л доромжлуулсан юм уу?.. Чамаас өмнө, чамаас хойш, чамтай цуг доромжлуулагсдын зовлонг яахав? Ийм асуулт өөртөө тавь! Тэгээд Бруно, Пушкин, Чингүнжав, Нацагдорж, Махатма Ганди, Шекспирийг бодогтун. Тэдний гүтгүүлж, доромжлуулж байсан агшныг сэргээн санагтун. Доромжлогдсон сая сая эгэл жирийн хүмүүсийг хайрлан бод, яг энэ үед л бид нийтийн зовлонгоос гадна бус гэдгээ мэднэ. Ертөнцөд хамгийн аймшигтай гэмт хэрэг бол гүтгэлэг билээ.
“Тэнгэрийн зарлигийг Муза минь дуулгавартайхан дагаарай
Тэнэг мугуйд улстай тэрсэлж битгий тэмцээрэй
Гайхал тэнэгүүд шоолж, галгүй юмнууд муулж байг,
Гавихгүй тэр шуугианыг дажгүй тайван сонсоорой...
Өргөн харгуй чөлөөтэй, өөртөө чи бол хаан юм шүү
Өөрийгөө тоосон оюунаар өмнөх замаа гийгүүлээрэй!
гэсэн Пушкины шүлгийг л эгэл олон минь санаж явтугай!
О.Дашбалбар 3- р боть “Хүн ертөнц”
ХӨХ ЦЭРГҮҮД ИРНЭ булан
Атилла хааны жолоодохуйн урлаг
1987 онд Атилла хааны жолоодохуйн урлагийн тухай номыг АНУ-н Файрмент даатгалын дэд ерөнхийлөгч Уэсс Робертс бичсэн. “Атилла хааны жолоодохуйн урлаг” бол мянга мянган хүнийг нэгтгэж манлайлж чадсан цэцэн билгийг нээж өгч байгаа бизнесийн хүмүүс, эцэг эх, багш зэрэг хүнтэй ажилладаг хүн бүрт эрхэм чухал ном бөгөөд 1989 онд Америкт хамгийн их гүйлгээтэй номоор шалгарсан. “Түүх шаштирт Атиллаг дайнч, харгис, соёл иргэншлийг устгагч байсан” гэдэгч түүхэн нөхцөл байдлыг авч үзвэл төсөөлөл өөрчлөгдөнө. Ах дүү нар нь хүртэл дайсагнадаг, Хүннү тархай бутархай, нэгдмэл зорилгогүй ард түмэн байсан. Атиллагын дэлхийг эзэгнэх төлөвлөгөөг эхэн үедээ түүний жанжнуудаас цөөхөн хүн дэмжиж байв.
Америкт жинхэнэ жолоодогч юу юунаас хэрэгтэй байгаа өнөө үед Атилла хааны жолоодох урлаг хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгцээтэй байна гэж үзэж Атиллаг судлаж хэвлүүлжээ. Уг ном ямар ч сурталчилгаагүйгээр амжилт олж олон арван хүний ширээний ном болж, з удаа хэвлэжээ.
Уншсан хүмүүс: “Зарчмууд нь аль ч үед хуучрахгүй”,”Америк менежерүүдэд хамгийн хэрэгтэй ном”,”Хөгжил, дэвшил, манлайллын ур чадварт суралцахад хамгийн хэрэгтэй ном”,”Хэрэв өнөөдөр Атилла бидний дунд байсан бол том үйлдвэр худалдааны эзэн, дипломат, нийгмийг өөрчлөгч, улс төрийн зүтгэлтэн байх байлаа” гэдэг.
Хаан болж төлөвшсөн байдал
Бага байхад нь аав нь нас барж, авга ах Рудиллагийн асрамжинд өссөн. Атилла Рудиллагийн явуулж буй бодлого, ялангуяа бусдыг найрсан бөхөлзөх гадаад бодлогыг нь илээр шүүмжилдэг байсан тул хавчигдаж 12 настайд нь Ромын нэр төрийн шүүхийн барьцаанд илгээжээ. Атиллагийн оронд Аэтус нэртэй хүүг барьцаанд ирүүлжээ. Аэтус бол монголчуудын сул талыг судалсан хүн.
Атилла барьцаанд очсон эхэн үедээ Ромын үзэл суртлыг шүүмжлэн эсэргүүцэж , 2 ч удаа оргохоор завдаад бүтээгүй. Тэгээд нөхцөл байдалтай илтээр зөрчилдөхөө зогсоож, Ромын дотоод гадаад бодлого, армийн давуу сул талыг судалж, гадаадын элч төлөөлөгчидтэй хийх уулзалт, ярилцлагыг тогтмол ажиглаж, Ромчуудаас манлайлал, бичиг хэргийн олон зүйлийг сурч байв.
Чухамхүү Ромын нэр төрийн шүүхэд л Атиллагын толгойд дэлхийг эзлэх их холч ухааны /стратегийн/ үр хөврөл бүрэлдсэн байна.
Атилла насанд хүрч эргэн ирсэн. Энэ үед аймгууд нь хаан эзнээсээ хамааралгүй байв. Атилла аймгийн ахлагч нартай харилцаа холбоогооо сэргээж, тэдний итгэл найдварыг аажим аажимаар олж авч өөртөө татаж чадсан. Ах Блэда нь нас барснаар Атилла хаан болсон. Атилла ард олондоо асар их нэр хүндтэй байсан нь, түүний шийдвэрүүд нь байр суурьтай, шудрага алхмууд хийдэг байсантай нь холбоотой.
Атиллагын үеийн Хүннүгийн байлдан дагууллыг гайхамшигтай гэдэг. Ердөө 70000 цэрэгтэй атлаа маш сахилгатай, хамт олонч үзэлтэй байсан. Армийн гол өрсөлдөгч Ромд тулж ирсэн /замын улсуудийг хиаруулсан/. Байлдах төлөвлөгөөг Аэтус боловсруулж, хүннүчүүдийн сул талыг мэддэг учир гардан байлдах санал тавьснаар ялагдсан гэдэг.
Улс төрийн бодлогод харийн хүнийг оролцуулж болдоггүйг баримт нотлоно. Тулалдсан МЭӨ 451 онд Каталоунын Пламидад болсон. Морин дэл дээр хийсгэж явдаг морьтон дайчдад явган байлдааны наад захын урлаг байсангүй. 30000-д хүннүчүүд үхсэн гэдэг. Тэнцвэргүй тулалдаанаас ухрах тушаал өгсөн нь Атиллагын анхны бөгөөд цорын ганц ялагдал байлаа.
Буцаж ирээд зорилгодоо хүрэхээр шийдэж цэргийн эрдэм зааж, үстэй хувцасыг металл ялтастай хувцасаар солив. 2 дах удаагаа Ромруу аян дайнд мордоход Ромчууд сандралд орж Аэтусынхаа суу билэгт найдсангүй. Эзэн хаан Валентиниан арга сүвэгчилж, хахууль өгье, охин дүүгээ өгье.. 300 хатантай хааны сэтгэлд нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Эцэст нь их нэр хүндтэй, цэцэн яруу илтгэгч Попэ Леог Атиллатай хэлэлцээ хийлгэхээр илгээв.
Өнөөг хүртэл түүхэнд Хүннү улсын их хаан, хатангир бяцхан Поп лам 2-н хооронд ямар яриа болсон нь оньсого хэвээр байдаг боловч Атилла Ромыг өршөөж их нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Атилла юуны учир их үйлсээсээ няцах болов?
Судлаачид үүнийг
-Атиллагын насны нар хэвийж өөртөө итгэх итгэл, эрх мэдэл, алдар хүндэд тэмүүлэх хүсэл нь буурч байсантай холбон тайлбарладаг.
- Атилла дайнч түрэмгий бодлого баримталдаг байсан бол одоо эв зүйг сахисан, дипломат байр суурь барьж Ром зэрэг улстай хэлэлцээ хийх болсон гэдэг. Энэ нь Поп ламын эрдмийг шүтэн, эрхэмлэх үзэлтэй ч холбоотой байсан байж магадгүй.
- Атилла буцаж ирээд төр улсаа засан тохинуулсан. Нэгэн боссон аймгийн ахлагчийг хороож, охиных нь гоо үзэсгэлэн таалагдаж хатнаа болгохоор шийдсэн. Ард олон нь “Дээдэс минь өтөл насаа мартаж, урам хугарсан зовлонгоо мартах сайны тэмдэг” хэмээн билэгшээж байсан.
Хуримын ёслолын дараа өглөө нь өрөө нь ер бусын хөл үймээнгүй байхыг сэжиг авч, эвдэн орвол их хаан цусанд хутгалдан үхсэн байжээ. Үхсэн шалтгааныг залуу хатан нь эцгийнхээ өшөөг авсан, хүүхдүүд нь эцгээ алсан, сүрлэг хуримын дараа цус харваж үхсэн гэх мэтээр үздэг.
Атилла хааны МАНЛАЙЛАГЧИЙН чанарууд
Хүннүчүүд бид түвшин бүрд авъяас ур чадвар төгөлдөр жолоодогчидтой байх учиртай. Жолоодогч нэг өдөр төрчихгүй. Хүннүчүүд оюутан сурагчдын нэгэн адил насан туршдаа бүх эх булгаас суралцах шаардлагатай.
Манай үндэстэн дадлага туршлагаар дамжин өөрийн ур чадвар болж төлөвшдөг дараах чанаруудыг эзэмшсэн удирдагчидтай байх ёстой.
Чин Шудрага байх
Шудрага бус үйлдэл, хандлагын үндсийг таслахгүй аваас олноор муу үйлд автагдах болно.
Чин зоригтой байх
Дарга байхад ганцаардал, итгэл алдрал, доог тохуу, эсэргүүцлийн мөчтэй цаг ямагт тулгарч байна гэсэн үг. Удирдагч нь тодорхой нөхцөл байдал, аюултай цаг мөчид энх амгалан үеийнх шигээ итгэл төгс байж бэрхийг давах ёстой.
Хүсэл тэмүүлэлтэй байх
Чадвартай боловч тэмүүлэх зүйлгүй дайчдыг удирдлагад бүү тавь.
Сэтгэлийн тэнхээтэй байх
Удирдлагын ямарч түвшинд жолоодогч итгэл алдрах, зориг мохохыг давж дийлж, алсын баримжаа үл алдан хариуцлагаа үүрч гарч чаддаг байх хэрэгтэй.
Биеийн тэнхээтэй байх
Жолоодогч ачаа үүрхийн тулд хүч чадалтай, эрүүл чийрэг байх ёстой.
Бусдад таалагдах биш тоогддог, өрөөл бусдыг ойлгож, мэдэрдэг байх
Өрөөл бусдын соёл, итгэл үнэмшил, ёс заншлыг мэдэрч ойлгодог, үнэлдэг, энэхүү чадвараа хөгжүүлдэг байх хэрэгтэй.
Шийдэмгий байх
Удирдагч хэзээ хөдлөх, хэзээ азнахаа мэддэг, нөхцөл байдлыг бүх нарийн ширийнийг мэдрэн шийдэмгий байх хэрэгтэй. Эргэлзэн тээнэгэлзэх, ажил хэргийг хойш тавих нь захирагдагсдаа төөрөлдүүлж, дайсны идэш болоход түлхэц болдог.
Урьдчилан харах чадвартай байх
Жолоодогч ажиглалтаасаа сурдаг, өмнө туулсан туршлагаасаа олдсон зөн совингоороо дамжуулан бодол санаа, үйлдэл үр дагаварыг урьдчилан мэдэрдэг байх шаардлагатай.
Цагийн үнэ цэнийг мэдэрдэг, залж удирддаг байх
Удирдагч цагийг нь олж тушаалаа гаргадаг, үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Цагийн мэдрэмжийг хөгжүүлдэг шидэт томъёо байхгүй, хийж бүтээж байж, алдаж онож байж эзэмшдэг.
Өрсөлдөх чадвартай байх
Жолоодогч ялж дийлэх дотоод хүсэл тэмүүлэлтэй байх. Үргэлж ялж дийлэх боломжгүй боловч хамгийн эгзэгтэй тохиолдолд ялж байх шаардлагатай.
Өөртөө итгэлтэй байх
Манлайлагчийн үүрэг, хариуцлагаа биелүүлэхдээ өөртөө итгэл муутай харагдаж буй удирдагч нь дээд доод хүмүүстээ хэрээс хэтэрсэн ажил гүйцэтгэж байгаа мэт харагдана.
Тооцоотой байх
Удирдагч өөрийн болоод албат харъяатынхаа хийж байгаа зүйлийг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.
Хариуцлагатай байх. Хийсэн үйлийнхээ хариуцлагыг үүрч чаддаг байх хэрэгтэй.
Найдвартай байх
Түүний үг, үйлдэл нь нөхөр дайсан хоёуланд нь үнэмшилтэй байх ёстой. Найдваргүй удирдагч нөлөө бүхий хүн байж чадахгүй. Тэд ч зөв мэдээлэл авч байгаадаа итгэлтэй байх ёстой.
Тууштай байх
Зорилгоо биелүүлэх бууршгүй эрч хүчтэй бай. Урам хугарах, хууран мэхлэл саад бэрхшээлийг сөрж туул.
Түшигтэй байх
Итгэл хүлээж, хүлээлгэж чаддаг байх. Үүргээ өгдөг, өөрөө үүргээ биелүүлдэг.
Бусдыг араасаа дагуулдаг байх
Хүмүүсийг араасаа дагуулж, халамжлан хүмүүжүүлж, анхаарал тавьдаг байх ёстой. Доод хүмүүсээ доромжилж болохгүй, тэднийг хөтөлж, хөгжүүлж, хөхүүлж байх хэрэгтэй. Шийтгэлийг аргагүйдсэн үед болгоомжтой хэрэглэ.
Атилла хааны үед төрийн албаныхандаа бүхнийг зааж сургадаг сургуультай байсныг доктор В.Роберт тэмдэглэжээ.
- Хүннүчүүдийн агуу их чанар нь түмэн олны тусын тулд өөрийгөө хэрхэн золиосолсноор илрэнэ.
- Удирдагч хүн тулга тойрсон зүйлээр хөөцөлдөхгүй байж, захирагдагсдаа ч энэ занд сургах хэрэгтэй.
- Удирдагч хүн биеэ барьж чаддаг байх ёстой. Тэрээр өөртөө итгэдэг, найддаг байвал ялагдавч боломжтой бүх зүйлийг хийж чадсандаа итгэл төгс үлдэж чадна.
- амжилттай ажилладаг байхын тулд олноос онцгой байх шаардлагагүй. Харин итгэл ганхуулах хүчийг сөрөн зогсох тэнхээ өгдөг, ялах чин хүсэл, мохошгүй зориг, гуйвшгүй итгэлтэй байх ёстой.
- Монгол угсаатныхаа гол зорилгоор луужингаа болгосон хүний үйл ажиллагаа, чөлөөт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх эрхэм чанаруудыг хөхүүлэн урамшуулдаг чанар түүнд заяасан байжээ.
- Боломжоосоо бага ажилсан хүнийг хэзээ ч бүү урамшуул
- Өөрөө шууд хариуцах ёстой ажилын хариуцлагыг бусдад нялзааж болохгүй гэдэг түүний зарчим өнөөдөр ч хэвээрээ мөрдөгдөж байна.
- Амь насаа умартан аюул заналын орчинд баатарлаг үйл бүтээж, овоо шиг олз омог хуримтлуулах буюу сайн үйлс бүтээсэн хүнд бага ч гэсэн урамшил шагналын баталгаа байх учиртай гэсэн зарчмуудаас өнөөгийн менежерүүд санаа аваарай.
Атилла хааны удирдахуйн арга ухаанаас судалж үзвэл:
• Хаан болох хүн дэлхийн түвшинд сэтгэж сурах учиртай.
• Омгуудтай нягт холбоо тогтоосон. Удирдахуйн ухааны олон түмэнтэй холбоотой байх ардчилсан зарчим тэр үед байжээ.
• Сэтгэл зүйч байсныхаа хүчинд олон түмнийг татаж чадсан.
• Шудрага хүн байсан.
• Шийдвэр гаргахдаа яардаггүй тал талаас нь бодож жинлэн цэгнэдэг хүн байжээ.
• Хүннү хүн болж төрсөндөө бахархах бахархлыг Атилла, Чингисээс монголчууд суралцсан. Монгол хүн өөрийн бахархлыг гээвэл үндэстэн мөхнө. Монгол хүн үндэстнээ аваръя гэвэл бахархах юмтай байх учиртай. Монголын бахархал бол Атилла, Чингис, Уран дархан өндөр Гэгээн Занабазар, Монгол бичээч Чойжи-Одсэр, Төрийн сайд Елюй Чуцай, эдийн засагч Тогтохтөр ван, Жанцанноров, Норовбанзадад хүртэл тасраагүй өдий хүрсэн, хойшид ч тасрах учиргүй.
Жеймс Доннели “Менежментийн шинжлэх ухааны үндсүүд” номынхоо удиртгалд Атилла хаанд тохиолдож байсан нөхцөл байдалтай өнөөгийн менежерүүд тулгарсан хэвээр байгаа нь хачирхалтай юм гэжээ. Номдоо: Атилла бол аж ахуйн овсгоотой ажилтан, төрийн зүтгэлтэн, гайхамшигтай холч бодлоготой хүн байжээ. Энэ шинж чанаруудыг менежерүүд үйл ажиллагаандаа харгалзаж байхыг сануулжээ.
Харин бид л өөрсдийнхөө үнэт зүйлсийг үнэлэх талаар хойргошоо юу даа.
Д.Лхаашид “Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”
Монгол нууцын хэлхээ
Монгол гэж ярихын тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй. Монгол хэмээвээс Монголоо сайн мэддэг байх учиртай. Иймээс Би хэн бэ? Бид хэн бэ? гэж Монгол хүн бүр Монголоо танин мэдэхийг чармайж яваарай.
Эртний мэргэн сургаалд айлдахдаа: Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав болой. Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цууранхай амт нөхөр болой гэжээ. Ном бол үнэнч нөхөр, шудрага нөхөр, ихийг дуулсан нөхөр мөний тул танд хань болж чадна.
“...Бид чинь тэгтлээ нэг их хоцрогдсон улс биш. Манайх дэлхийд олон юмаараа тэргүүн байранд давхиж яваа юм байна. Нэг хүнд ноогдох дарга, сайд, нэг хүнд ноогдох өр шир, нэг хүнд ноогдох нам, эвсэл холбоогоороо дэлхийд тэргүүлжээ. Тэр ч бүү хэл монголчууд бидний нэг иргэнийхээ нуруунд үүрүүлэх шийтгэл бас магтаал, нэг хүний гарт бариулах уриа лоозон, нэг хүний эзлэх тэсвэр хатуужил, тэвчээр зоригоороо энэ бөмбөрцөгт бусдаас хол давж суга явжээ” хэмээн Ж.Барамсай гуай бичсэн нь ортой бизээ.
Үнэхээр доог тохуугүй хэлэлцвээс Азийн бөглүү бөөрөнд хоёр их гүрний дунд оршсоор ирсэн цөөхөн тооны монголчуудад дэлхийд тэргүүлэх юм байдаг гэж үү? Гадаадыхан байтугай бидний монголчууд ч өөрөө өөрөөсөө ингэж асуухаас сийхгүй болтол “ухаанд минь ухна ишиг оршсоор” удсан билээ.
Хийх бүтээхийн хүсэлтэй өнөөгийн бидэнд зүгээр нэг сайхан бардамнах сэтгэл ужид болой. Иймээс “Монголчуудын дэлхийд хамгийн, хамгийн...”-г толилуулж байна.
Дэлхийд хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн
“Мэнд мэдэх нь монголын ёс” гэдэг мэргэн үг бий. Энэ бол эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа хэрэг мөн. Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын, ажил мэргэжлийн, төрийн ёсны, цэргийн ёсны гэж олон байдаг.
Өдөр тутмын түгээмэл мэндийг Сайн байна уу?, Амархан сайн байна уу?, Сонин сайхан юу байна?, Ажил алба сайн биз дээ?, Бие лагшин тунгалаг уу? гэх мэтийн олон янзын үгээр илэрхийлдэг.
Улирлын мэндийг Тавтай сайхан хаваржиж байна уу?, Тарган тавтай зусаж байна уу?, Өнтэй тарган өвөлжиж байна уу? гэх мэтийн малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг.
Ажил мэргэжлийн мэндэд, хоньчин хүнтэй уулзахад Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?, адуучин хүнтэй бол Адуу мал бүрэн үү?, үйлчин хүнтэй бол Үйл бүтэмжтэй юу?, анчин хүнтэй уулзвал Хараа мэргэн, Олз их, Ганзага дүүрэн гэх мэтээр мэндэлдэг.
Харин цагаан сараар бол: Хуучин жил хангирч /хуучирч/ Шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу?, Сар шинэ тавтай сайхан шинэлж байна уу? гэх зэргээр мэндчилдэг.
Монголын төрийн ёсны уламжлалт мэндчилгээнд Эрхэмсэг сайдтан та амгалан морилж байна уу?, Таны түмэн амгаланг айлтгая гэж гүн хүндэтгэлээ илэрхийлдэг.
Бичиг бичиж байгаа хүнтэй таарвал: Бийр хурц, билэг оюун төгс болтугай! гэх буюу хоол идэж байхад орж очвол: Шүд хурц болтугай! гэж мэндэлдэг. Хариуд нь нүд хурц болтугай гэнэ.
Бас монголчууд мэндлэхдээ ганс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх бөлгөө.
Анхны 12 жилийн цагийн тоолол
Барагцаалбал 40-12 мянган жилийн өмнө монголын өвөг дээдэс болох Хүннү нар дээд палеолитын үеэс одоогийн Төв Ази, Монголын нутагт голомтлон амьдарч байжээ. Тэд нэн түрүүн наран, саран, тэнгэр, байгаль, дэлхийгээ бишрэн шүтэж, байгаль цаг уур улирлын байдлыг олон жилийн турш нарийн ажиглаж, амьтны төрх, үржих, ургамал ургаж цэцэглэх үе гэх мэтчилэн жилийн дөрвөн улирал болгон хуваажээ. Улмаар улирал бүрийг нарийн тооцоолж, жилийг 12 сард хувааж сарны эргэлтэд тохируулан 12 амьтны мөчлөгөөр цаг тооллыг зохиожээ. Цаг тооны 12 жилийн мөчлөгт орсон амьтдын 10 нь Монгол нутант одоо хүртэл амьдарч байгаа юм. Харин луу, мич хоёр байхгүй. Гэвч үлэг гүрвэлийн ясыг монголчууд лууны яс гэдэг. Нисдэг үлэг гүрвэлийн яс Дундговь, Увс аймгийн нутгаас олдсон. Мичний яс Орхоны Шаамараас олдсон.
Амьтны мөчлөгийн 12 жил чухам хаана үүссэнийг Зөвлөлтийн эрдэмтэн И.В.Захарова, Хятадыг судлагч францын эрдэмтэн Э.Шеванны таамаглалыг баримтлан Хүннүд үүссэн гэж үздэг. Үүнийг хятадын эрдэмтэд зөвшөөрсөн. Хятад анх 12 амьтны мөчлөгтэй жилийн он тооллыг Зүүнхан улсын үед хэрэглэх болсон. Хятадын түүхч Чжао И /1727-1814/ энэхүү тооллыг Хан үндэстэн баруун хан улсын үед /МЭӨ 206-МЭ 25 он/ Хүннү аймгаас авч хэрэглэсэн гэжээ. Энэ үед хан улс, Хүннү нарын хоорондын харилцаа сайн байсан юм гэж мөн тэмдэглэсэн байдаг.
Иймд 12 жилийн мөчлөгтэй жилийн он тооллыг хятадын Хан улс Хүннүгээс авч хэрэглээд тэндээс Япон, Вьетнам, Солонгос зэрэг Азийн олон улс оронд өргөн дэлгэрчээ. “Энэ нь монголчууд бидний өвөг дээдсээс хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан оюун санааны нэгэн том хувь нэмэр мөн” гэж монголын эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.
Дэлхийн урлагийн хамгийн эртний нэгэн голомт
Европыг хүй нэгдлийн урлагийн өлгий гэж үзэж ирсэн тал бий. Өрнөдийн зарим эрдэмтэн “Их урлагийн орон-өрнөд” гэж нэрлэж, “Мөнхүйн Европ бол урлагийн элэнц орон” гэжээ. Гэтэл сүүлийн үед дэлхийн эрдэмтдийн анхаарлыг хүй нэгдлийн урлагийн асар их дурсгалтай Төв Ази, түүний дотор Монгол орон зүй ёсоор татах болов. Иймээс дээрх “...баталгааны гарцаагүй чанартай нь өнөө үед ганхан суларлаа. Чулуун зэвсгийн өвөрмөц урлагийн шинэ орд газар Африк, Төв Ази, Монголд элбэг олдлоо” гэж зөвлөлтийн академич А.И.Окладников бичжээ. Үнэхээр хүн төрөлхтний урлагийн өвөг орны нэг-Монгол болох нь сүүлийн үеийн олон нээлт баримтаар батлагдаж байна. Манай орны бараг бүх аймгийн нутагт хадны сүг зураг байгаагийн дотроос Өвөрхангайн Тэвш уул, Архангайн Чулуут гол, Ховдын Гурван цэнхэрийн агуй, Баянхонгорын Баянлиг зэрэг дангаараа урлагийн музей болохоор газрыг нэрлэж болно. Монгол орон даяар чулуун зэвсгийн үеийн урлан олон олдсоны дотроос хамгийн том нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг байгаа юм.
Мянган голыг гаталсан морин туурайн гавъяа
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавъяа
Нармай төрийг байгуулсан, Дэлхий дахинаа гавъяа
Манай өнгөрүүлсэн түүх, хүн төхөлхтөнд гавъяа хэмээн Д.Нацагдорж эгшиглэн шүлэглэсэн нь учиртай.
Хамгийн анх тэрэг зохиосон ард түмэн
Манай Орноос олдож байгаа хадан дээр сийлсэн тэрэгний зургийн он цагийг эрдэмтэд янз бүрээр тогтоож байна. Хэнтий аймгийн Батширээт сумын Үзүүр цохио, Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт буй тэрэгний зургийг МЭӨ 3 мянган жил, Хөвсгөл аймгийн Тэс суманд буй тэрэгний зургийг МЭӨ 3-2 мянган жил, Говь-Алтай аймгийн Цагаан гол болон Дарви сумын нутагт буй тэрэгний зургийг МЭӨ 2-1 мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үзэж байна. Тэрэгний зургийн талаар санал нэгдээгүй боловч 3-5 мянган жилийн өмнө зурсан нь лавтай болсон юм. Үүнээс үзэхэд энд оршин суугчид 5 мянган жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж сурснаа хад чулуунд сийлэн үлдээдэг болжээ. Иймээс олон мянган жил байгалийн хатуу ширүүн үзэгдэлд арилж усталгүй өнөөг хүрсэн хадны сүг зураг дэлхийд хамгийн анх түрүүн тэрэг зохион бүтээсэн ард түмний нэг бол монголчуудын өвөг дээдэс гэдгийг баталж байна.
С.Жамбалдорж
Мянганы боловсролын замыг ёс суртахуунаас эхэлье!
Хутгыг юунд ашигладаг вэ? Хутгыг зөвхөн мах идэхэд ашигладаггvй нь ойлгомжтой. Vнэндээ ямар хvн тэрхvv хутгыг бариснаас л юунд ашиглах нь шалтгаалдаг. Эмч хvн баривал мэс засал хийж хvнийг аварна, анчин хvн баривал араатанг агнана, гэмт этгээд баривал хvн хорооно, уран дархан хvн баривал сийлбэр хийнэ, бvтэлгvй тонуулчин баривал дээрэм хулгай хийнэ гэх мэт. Нэг vгээр хэлбэл муу ёс суртахуунтай хvн баривал өөрийгөө бvv хэл өрөөлийг ч хорооно, сайн ёс суртахуунтай хvн баривал гайхамшгийг ч бvтээнэ.
Мэдээж энд хутга ашиглалтын талаар ярих гээгvй нь ойлгомжтой. Тэгэхээр энvvгээр юу хэлэх гээд байна аа гэж эрхэм та гайхаж байж болох юм. Энэ удаад хvний төлөвшил хийгээд ерөнхий боловсролын системд ёс суртахууны хичээл тvлхvv шаардлагатай байгаа талаар сэтгvvлч би бээр цухас өгvvлэх гэсэн юм. Өнөөгийн энэ мэдээллийн хурдацтай хөгжлийн vед, даяарчлагдаж буй дэлхий дээр амьдарч байгаа бид тvvнийг угтан арван жилийн боловсролын системдээ зарим нэг шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Цагаан сайд аа! Арван жилд хvvхдэд ерөнхий мэдлэгийг олгох тал дээр анхаардаг хэдий ч ёс зvйн хvмvvжил, ёс суратхууны хөгжил олгох тал дээр төдийлөн ажиллаж чаддаггvй нь ажиглагддаг. Хvvхэд ерөнхий боловсрол эзэмшхийн зэрэгцээ ёс зvйн хvмvvжил, ёс суртахууны хөгжлийг олж төлөвшиж явах нь нэн чухал. Манайхан зөвхөн мэдлэг боловсролыг нэгдvгээрт тавьж ёс зvй, ёс суртахууныг дараа нь тавьдагаас болж маш том алддаг. Угтаа энэ хоёр байраа сольж, эхлээд ёс суртахууныг олоод дараа нь мэдлэг боловсролоо эзэмшвэл зохилтой мэт. Жишээ нь ёс суртахуунгvй мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг эмчид өвчтөний зовлон зvдгvvр, сэтгэл санаа, ирээдvй чухал бус сарын цалин, албан тушаал ахиж дэвших, ар гэрийн асуудал, алдар нэр нь чухал. Мөн тийм багш байлаа гэхэд ялгаагvй хvvхдvvдийн хичээлээ ойлгох, эс ойлгох, сайн сурах, муу сурах, ирээдvйн төлөвшил нь чухал биш. Харин хичээлийн хэдэн цагийг хурдан өнгөрөөх, цалин мөнгөө хурдан авах гээд бусад амин хувийн ашиг сонирхол нь илvv давамгайлж байдгаас болж нийгмийн өмнө засаж болшгvй гэмт хэрэг vйлдэж, улс орныхоо ирээдvйг хохироож, хөгжлөөс хойш нь чангааж байгаагаа мэддэггvй, мэдсэн ч тvvнийг залруулах сэтгэл, ёс суртахуун дутдаг. Ингээд тэрхvv ёс суртахуунгvй багшаас төрсөн ёс суртахуунгvй шавь нар нь ирээдvйд дээр дурдсанчлан хутгыг аль талаар давамгай ашиглах нь бvрхэг. Энэ мэт анхнаасаа биеэ засаагvй хvн ирээдvйд гэрээ хэдийгээр сайхан засавч, төрөө улсаа засах ёс суртахуун дутаж, нийгмийнхээ хөгжлийг бус хувийн эрх ашгаа эрхэмлэсээр 60 хvрч ухаарах шахаад 61 хvрээд “ума хум” болох нь дамжиггvй. Тэгэхээр 10 жилийн хичээлийн программд ёс зvй, ёс суртахууныг төлөвшvvлэх хичээлийг тvлхvv оруулж, бvр “А” vсэг vзэхтэй нь зэрэгцэн жинхэнэ монголынхоо төлөө сэтгэл зvрхтэй хөгжлийг дагуулагч иргэн болох замыг нь тэгшлэхгvйгээр хэзээ хойно мэдлэг боловсрол хэдийн эзэмшчихсэн ланзгаруудын чихэнд мянга орилоод илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэгчийн vлгэр болох биз. Мянганы замтай зэрэгцэн хvvхдvvддээ мянганы боловсролын шинэ замыг оюун ухаан сэтгэл зvрхэнд нь тавихгvйгээр Монгол улс маань цаашдаа хөгжих, оршин тогтнох асуудал...
Бараг хэлд орохоосоо эхлээд л гадагшаа Солонгос, Америк... гээд улсад очиж сайхан амьдрахыг мөрөөдөж байгаа бяцхан ирээдvй хойчоо дагаад Монгол минь бас нvvчих вий дээ.
Монголоо гэсэн vрс маш олон болтугай.
Болод.М
Монголын хөгжилийн түлхүүр
1. Инженерчлэл, технологийн салбарын системтэй хөгжил хамгийн их дутагдаж байна. Хөрөнгө зарцуулагч, зохицуулагчид илvvдэлтэйгээр бэлтгэгдэж, харин жинхэнэ дотоодын vйлдвэрлэлийг авч явах хvний нөөц дутагдалтай байгаа.
2. Технологийг бий болгогчид, хэрэглээ болгогч чадварлаг мэргэжилтнийг ихээр бэлдэж байж vндэсний vйлдвэрлэлийг эрчимтэй хөгжvvлнэ. Мөн залуусын ухамсар, төлөвшлийн асуудлыг дээшлvvлэх. Ухамсарт төлөвшил дутагдснаас л ирээдvйд vндэстний аюулгvй байдалтай холбогдох нийгмийн сөрөг асуудлууд vvсч байна. Массын ухамсрыг төлөвшvvлж, боловсролыг сайжруулснаар нийгмийн олон асуудлын зангилаа тайлагдана гэж бодож байна.
3. Хvн бvхэн өөрөөсөө эхэлж, vр хvvхдийнхээ хvмvvжил, төлөвшилд vлэмж анхаарал тавих нь чухал. Vvнд сурган хvмvvжvvлэгч багш нарын маань оролцоо ч чухал. Нөгөө талаар боловсролын бvх vе шатанд мэргэжлийн мэдлэг эзэмшvvлэхээс гадна бие хvн болгон төлөвшvvлэх ёстой. Ингэж байж л хөлөө олж, гэрээ засаад улмаар хөгжvvлэхэд ДНБ-ий тодорхой хувийг оюунд тулгуурласан vйлдвэрлэлээр олж болохыг Энэтхэг улс харуулж байна. Энэ нь Энэтхэг улсын нэлээд олон жилийн өмнөөс явуулж эхэлсэн төрийн цэгцтэй бодлого, хөрөнгө оруулалтын vр дvн юм.
Инженерчлэлийн сургалт явуулахад хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг. Нэг талаас төрийн зvгээс мэргэжлийн сургуулиудыг дэмжих, багшлах боловсон хvчний хангамжийг сайжруулах, сургалтын төлөвлөгөөг зах зээлтэй уялдуулахад анхаарах нь чухал. Мэдээллийн технологи, электроникийн компаниудыг их, дээд сургуулиудтай уялдуулах, практикт тvшиглэсэн, зах зээлээ мэдэрсэн сайн сургалт явуулах хэрэгтэй байх. Нэгэн жишээ хэлэхэд, Солонгосын нэгэн мэдээллийн технологийн хувийн дээд сургууль зах зээлээ мэдэрч, жилд сургалтын төлөвлөгөөгөө 2 удаа өөрчилдөг гэсэн.
5. Чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, тэднээр дамжуулан шинэ технологийг эзэмших, хэрэглэж сурах зэрэгт ашиглах нь чухал. Эх орноо гэсэн хvсэл эрмэлзэлтэй залуусыг нэгтгэвэл ихийг бvтээж болно. ЭМОС клуб маань ч vvнийг батлан залуусаа боловсруулах, хөгжvvлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж “Өөрийгөө хөгжvvлье”, “Мэргэжлээ зөв сонгоход тань” номоо гаргаад байна. Энэ нь хvний нөөцийг бэхжvvлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь даамжиггvй.
6. Аль болох ахисан төвшний сургалтанд олон залуусыг хамруулах нь чухал юм. Сурах арга барилаа олж, судалгааны ажил хийх чадвартай болсон, эх орондоо тулгараад буй мэргэжлийн асуудлуудыг чигээ болгосон залуус сургалтанд хамрагдвал асуудлын гvнд сайн орж, хурдан бэлтгэгддэг юм шиг. Сонгон шалгаруулалтыг илvv шударга, боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн
vг.
7. Багийн дvрмээр тоглож чаддаггvй, нэгнийхээ хийсэн зvйлийг vгvйсгэдэг явдал. Нэг нь нэгнийхээ араас явж цаг их алддаг. Монголд хэрэгжиж буй гадны төслvvд ч мөн адил. Монгол талын мэргэжилтэнг нь арай гэж бэлтгээд vйл ажиллагаагаа явуулж байтал сонгуулийн дараа цоо шинэ хvн гараад ирэх жишээтэй.
Ч.ЛОДОЙРАВСАЛ
БНГУ. Юvлих хотын судалгааны төвд докторантур төгссөн. МУИС-ийн багш
1. Монголын гэсэн онцлогийг гаргаж чадах бараа бvтээгдэхvvн. Жишээ нь, МАА дотор махны экспорт. Зөвхөн vйлчилгээ vзvvлж ашиг олох салбар бол аялал жуулчлал. Мөн Монголд, гэрээсээ дэлхийн зах зээлд гарах боломж бол мэдээллийн технологийн чиглэл, ялангуяа программ хангамж.
2. Монголчууд сайн ходоодны хvчээр өдий хvрч байна гэж яригддаг. Найдвартай хvнсний бvтээгдэхvvнээр өөрсдийгөө хангах. Байгаль орчны бохирдол ашигт малтмалын компаниудад тавигддаг нөгөө л асуудал. Хотжилт төвлөрсөн газар руу явах хvн нь ихсээд, монголын гэсэн онцлогтой МАА-гаа эрхлэх хvн цөөдөж байна.
3. Хөдөөгийн малчдаа мөнгөжvvлж, малчин гэдэг айлд хvнийг татах зvйл нэмэх. Дунд, ахлах ангийн сурагчидад ирээдvйнх нь талаар хичээл заах. Ямар мэргэжилтэй болох вэ, юунд хvрэх вэ гэх мэт. Социализмын vед ногоо хураалт зэрэг газар тариалангийн ажилд цалинтайгаар ажиллуулах ажлыг хувийнхантай хамтран хийх. Vр дvн нь ажилд суралцах, хамт олон дунд ажиллах дадлага, туршлага олгох.
4. Vйлчилгээний байгууллагуудын соёлч, боловсон байдал. Мөн дунд сургуульд нь төрөл бvрийн сонирхлын дагуух клуб, дугуйлангууд ажилладаг нь санаа авмаар юм шиг. Хvvхдvvд дуртай зvйлдээ орж, хамт олонч, бvтээлч, өөрийгөө удирдах чадварт суралцдаг.
5. Монголдоо буцаж очоод ажиллахад нь шинэ, шинэлэг зvйлсийг хvлээж авдаг бvтцийг бий болгох.
7. Иргэд маань хийж байгаа vйлдлvvддээ дэндvv ухамсаргvй, хайхрамжгvй ханддаг юм шигээ. Ажил нь л бvтэж байвал юмыг мөнгөөр, эсвэл танил талаараа хийх гэсэн хvмvvс. Хуулиа баримтлах хvн ер нь ховорджээ.
Н.БЯМБАДОРЖ
Япон, Хитоцvбаши Их Сургууль, Хуулийн тэнхим, 3-р курс
БИЕИЙН ХҮЧИЙГ БАДРУУЛНА булан
Аз жаргалтай амьдрах эрх
Хүний амьдралын гол зорилго бол аз жаргал хэмээн би боддог. Энэ бол ойлгомжтой зүйл. Бид шашин шүтдэг эсэх, Буддын байна уу, Христийн шашинтан байна уу үүнээс үл хамааран бүгдээрээ энэхүү амьдралаас ямар нэгэн сайн сайхныг эрж хайдаг. Тиймээс миний бодлоор бидний амьдралын үндсэн хөдөлгөөн бол аз жаргалын зүг хийж буй алхам болой.
Энэхүү сургаалыг айлдсан Далай ламтай уулзаж, -Та өөрөө аз жаргалтай байна уу? гэж асуусан юм.
Тэрбээр хэсэг бодолхийлснээ: -Тиймээ, мэдээж тэгэлгүй яахав гэв.
Түүний хоолойн өнгөнд тайван хийгээд өөрт итгэсэн байдал тодхон байсан нь надад мэдрэгдэж түүний хариулт эргэлзэхийн аргагүй үнэн болохыг харуулж байлаа.
-Гэвч аз жаргал бидний олонхийн хүрч чадах зорилго мөн үү? Ер түүнд хүрч болох уу?
-Тиймээ, аз жаргалыг оюун санаагаа дасгалжуулах замаар олж болно.
Энгийн хүний хувьд би аз жаргалд хүрэх үзэл санаагаар сэтгэлээ баярлуулахгүй байхын аргагүй байлаа. Түүнчлэн сэтгэл судлаачийн хувьд би олон өөр үзэл санаатай учирч явсны учир энэ бүхнийг багагүй тунгааж Зигмунд Фрейдын айлдсан “Хүний аз жаргал эх дэлхийг бүтээн босгох төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн тийм мэдрэхүй надад төрж байна” хэмээх үгийг чухалчлан бодоход хүргэж билээ. Иймэрхүү үзэл баримтлал миний олон хамтран зүтгэгч нарыг баргар дүгнэлт хийхэд хүргэсэн. Энэ байр сууринаас харахад аз жаргалд тодорхой зам бий гэсэн явдал нь эрс тэс үзэл санаа мэт санагдана. Сэтгэл зүйчийн ажлийн дадлага туршлагаасаа эргэж харахад хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт “аз жаргал” хэмээх үгийг дотоод зорилгын хувьд ашиглаж байсныг үл санана. Мэдээж хэрэг өнгөрсөн цаг хугацаанд аливаа өвчтөнийг сэтгэл зүйн гүн хямрал, аль эсвэл тайван бус байдлаас ангижруулах тухай ярьж байсан бөгөөд түүний бусад хүмүүстэй харилцахад үүсэх дотоод зөрчил хийгээд аливаа асуудлыг шийдвэрлэх тухай ярьж байсан бөгөөд ямар ч сэтгэл зүйч хэзээ ч аз жаргалын эмчилгээний эцсийн зорилго гэж дүгнэж байсангүй. Жинхэнэ аз жаргалд хүрэх үзэл санаа нь барууны ертөнцөд үргэлжид тодорхой бус барьцгүй зүйл байсаар ирсэн. Тэр ч бүү хэл аз жаргал хэмээх үг нь Исландын happy /орчуулбал аз завшаан/ гэсэн үг ажээ. Үүнээс харахад бидний олонх нь энэхүү аз жаргалын дотоод ертөнцийг харуулах үзэл бодлыг хуваалцдаг билээ. Баяр баясгалантай цаг мөчид аз жаргалыг тохиолдлоор ч юм уу, аль эсвэл бурханы өгсөн хишиг хэмээн санадаг. Өрнөдийн хүний үзлээр бол аз жаргал нь “ухамсрыг бэлтгэх” аргаар хүрч болох тийм зүйл бус ажээ. Энэ тухай би Далай ламд хэлэхэд тэрбээр өөрийн үзэл бодлыг: -Энэ тохиолдолд, ухамсрыг дасгалжуулах тухай ярьвал би “ухаан” хэмээх үгийг аливаа зүйлийг мэдрэх чадвараар хязгаарлахыг хүсэхгүй байна. Энэхүү үгийг би түвдийн sem хэмээх үгийн утгаар гол төлөв хэрэглэдэг. Чингэснээр “сэтгэл санаа”, эсвэл ”сүнс” хэмээх ойлголттой арай ойртож байгаа юм. Үүнд ухамсар хийгээд мэдрэхүй, зүрх сэтгэл багтдаг. Өөрийн дотоод мэдрэхүйг удирдсанаар бид аажмаар амьдралын бусад үнэт зүйлд хандах хандлага, ертөнцийг үзэх өөр үзэлд шилждэг.
Дотоод сахилга батын хувьд тэрээр өөртөө олон арга хийгээд их зүйлийг агуулж болох юм. Нэг үгээр хэлбэл аз жаргалд хүргэх тодорхой хүчин зүйлүүдээс эхлэх хэрэгтэй бөгөөд нөгөөтэйгүүр зовлонд хүргэх тийм хүчин зүйлээс эхлэх хэрэгтэй. Үүний дараа өөрийн амьдралаас зовлонд хүргэж буй хүчин зүйлийг арилгаж, аз жаргалд хүргэж буйг нь хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Үүнд миний үзэл санааны утга учир оршиж буй.
Хувийн аз жаргалд ямар аргаар хүрч болох вэ гэдгийг Далай лам мэднэ гэдгээ нотлон ярив. Түүний Аризонд өнгөрүүлсэн долоо хоногийн турш миний бие хувийн аз жаргал, бусадтай харьцах энгийн харьцаа болон тэдэнд хандаж буй сайхан сэтгэлийн үр дүнд буй болдгийг нүдээр үзсэн гэрч юм. Нэгэн ээлжит уулзалтын дараа Далай багш өөрийн энгийн хамгаалалтын дор зочид буудлын өрөөний зүг алхаж явав. Буудлын үйлчлэгч бүсгүй цахилгаан шатны дэргэд зогсож байхыг тэрбээр хараад “Та аль нутгийн хүн бэ?” гэж асуулаа. Тэрээр хэсэгхэн зуур балмагдаад нутгийн бус хүн, дээр нь улаан хүрэн өнгийн ламын өмсгөлтэй нэгэн бээр түүнд хандсанд ихэд гайхширснаа төдөлгүй инээмсэглэж: “Би Мексикээс ирсэн” хэмээн хариулав. Тэрбээр хэсэг зуур түүнтэй хэдэн үг солиод цааш өрөө рүүгээ чиглэхэд бүсгүйн харцанд баярын мишээл тодрон үлдлээ. Маргааш өглөө нь яг тэр цагт үйлчлэгч бүсгүй бас нэгэн ажилтны хамт түүнийг ихэд дотно хүндэтгэл үзүүлэн мэндчилж харагдав. Энэхүү уулзалт мөн эхнийхтэй ижил богинохон байсан агаад тэр хоёр эмэгтэй үлэмж сэтгэл өөдрөг, аз жаргал дүүрэн ажлаа хийхээр явцгаалаа. Маргааш нь цахилгаан шатны дэргэд зогсож буй үйлчлэгчдийн тоо улам олширч цахилгаан шат өөд эгнэн зогсож байлаа. Бидний амьдрал тодорхой цаг хугацаатай байдаг. Энэ мөчид мянга мянган хүмүүн эх дэлхий дээр мэндэлж, тэднмй зарим нь хэдхэн хоног, эсвэл хэдэн долоо хоног амьдрах хувьтай байдаг хийгээд хожим нь тэд өвчний улмаас, эс бөгөөс аливаа нэг золгүй тохиолоос болж амьдралаас буцдаг. Гэтэл бусад хүмүүс зуун нас хүрч, зургаадай таяг тулах тийм хувь тавилантай байдаг. баяр баясгалан, хайр хийгээд үзэн ядалт, сэтгэлийн таагүй байдал зэрэг нь амьдрал тэдэнд санал болгож буй бүхнийг мэдрүүлдэг. Бидний амьдралын утга учир юунд оршино вэ? Түүнийг юу утга холбогдолтой болгож байна вэ? гэдэг үндсэн асуулт хэзээ ч үл өөрчлөгдөнө. Бидний оршин ахуйн утга учир аз жаргалыг хайх явдал бөлгөө. Энэ эрүүл сэтгэлгээтэй бүрэн зохицож, Аристотелиэс эхлээд Уильям Жеймс хүртэлх Өхнөдийн олон гүн ухаантан энэхүү үзэл бодлыг баримталж байсан нь тодхон жишээ билээ. Гэхдээ аз жаргалд хүрэхэд чиглэгдсэн амьдрал цаад утгаараа хувиа хичээсэн, гагчхүү амин хувийн эрх ашгийн төлөө байдаг юм биш байгаа? Тийм байх албагүй. Мөн чанартаа олон судалгааны үр дүнгээс харахад аз жаргалгүй хүмүүс гол төлөв өөртөө анхаарлаа хандуулж, хувиа хичээсэн нийгмээс гадуурх хүн мэт амьдралын хэв маягаар амьдардаг юм. Аз жаргалтай хүмүүс үүний эсрэг арай нийтэч, авъяастай уян хатан байдаг бөгөөд амьдралын зовлон зүдгүүрийг сөрөн зогсож чадах чадвар нь илүү хөгжсөн байдаг. Хамгийн чухал нь тэд аз жаргалгүй хүмүүсийг бодвол хайрлаж, уучилж чаддаг. Аз жаргал нь бодит зорилго болохын тулд, биеллээ олохын тулд тодорхой эерэг алхмууд хийсний үр дүнд буй болно гэдгийг санах хэрэгтэй. Аз жараглтай амьдралд хүргэх хүчин зүйлийг тодорхойлсноор аз жаргалд тэмүүлэх нь зөвхөн бидний хувьд бус, түүнчлэн гэр бүлийн хийгээд нийгмийн түвшинд бий болно гэдгийг бид ойлгодог.
Говард К.Катлер “Аз жаргалтай амьдрахуйн урлаг”, Орчуулагч О.Чинбаяр
Өдөр бүр хийвэл зохих 10 дасгал
Өглөө болгон эвшээлгэх: Өглөө сэрээд биеийнхээ булчинг сулруулан, хамраараа амьсгаа авч, хэвлийн хэсгийг цэвэр агаараар дүүргэнэ. Ингэснийхээ дараа амаа ангайн эвшээж байгаа маягаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг өглөө бүр 10-с доошгүй удаа хийснээр уушигны үйл ажиллагаа сайжран, уушиг зүрхний цусан хангамж нэмэгдэж, цээж багтрах, бөгшүүлэн ханиалгахаас хамгаална.
Мөчний дасгал: Гараа алдалж, хойш урагш тойрог хөдөлгөөн хийнэ. Гараа ташаандаа авч мөрөө хойш урагш хөдөлгөнө. Мөн энэ байдлаас бүсэлхийгээр урагш хойш баруун зүүн тийш хазайлгана. Хөл дээрээ сууж босох, хөлөө урагш хажуу тийш болгох хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгал шар усыг тарааж, үе мөчний үрэвслээс сэргийлнэ.
Нүдний дасгал: Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чаддаг.
Хэвлийн булчинг агшааж татах дасгал: Биеэ суллаж оюун санаагаа төвлөрүүлж хамраараа амьсгал авч бага хэвлийн буюу хүйснээс доошхи булчинг агшааж татна. Ийнхүү 3-10 секунт болсоны дараа амьсгалаа гаргаад биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт 10-с доошгүй удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.
Хэвлийд иллэг хийх: Гарын алгаа хооронд үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулан нар зөв иллэг хийнэ. Дараа нь нар буруу зөөлөн дарж өгнө. Аль алийг нь 10 удаа хийнэ. Энэ дасгал хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин, өтгөн хатах, гүйлгэх нарийн бүдүүн гэдэсний архаг үрвсэл, шээс тасалдах зэргээс сэргийлнэ.
Цээжинд иллэг хийх: Цээжээ илэх, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн 10 удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулан, цээж багтрах, зүрх хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурхаас сэргийлж болно.
Нуруунд дасгал хийх: Нурууг цаг агаарын байдалд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэргээс сэргийлнэ.
Хөлийн уланд иллэг хийх: Хөлийн тавхайг өлмий талаас нь 3 хуваасний 1-тэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулж элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулж толгой эргэх чих шуугих, нойр алдах, зүрх цохилох, цусны даралт ихсэх, хөл өвдөх зэргээс сэргийлнэ.
Арьсанд хуурай иллэг хийх: Гарын алгыг хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл цээж хэвлийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсы сүвүүд тэлж, ядаргаа арилж, нойронд сайн болохын дээр цусны даралт буурч, арьс уян зөөлөн болно.
Нүүрээ илэх: Хоёр алгаа хооронд халуу оригтол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь 10 удаа зугуухан илнэ. Өдөрт 2-с доошгүй ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран, арьс зөөлөрч өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээтэхээс сэргийлж, тогтсон үрчлээг багасгадаг. Ханиад томуу тусах, нүднээс нулимс гоожих, толгой, шүд өвдөх, хамар битүүрхээс сэргийлнэ.
Зөв хооллолт ба эрүүл мэнд
Хүний хамгийн эрхэм баялаг бол эрүүл мэнд. Энэ бол ямарч албан тушаал, эд хөрөнгөөр олж авч чадахгүй үнэт зүйл билээ. Бидний эрүүл мэндэд олон хүчин зүйл нөлөөлдөг:
Хүрээлэн байгаа орчин
Удамшил
Сэтгэлийн хямрал /стресс/
Хөдөлгөөний дутагдал
Хооллолтыг онцлон хэлэх хэрэгтэй.
Ийм олон нөлөөллийн улмаас хүн нэгэн цагт хурц үрэвсэлт өвчин мэдэрч халуурах, гүйлгэх, туурах, өвдөх гэх мэтээр зовиурлана. Энэ үед өвчин үүссэн шалтгааныг бүрэн арилгаж чадвал буцаад эрүүл болох боломжтой. Харамсалтай нь Монголчууд бид эрүүл мэнддээ дэндүү хариуцлаггүй хандаж, өвчинд баатарлаж огт тоохгүй явах, эсвэл дутуу, эсвэл буруу эмчлэх зэргээс болж нэгэн өдөр архаг өвчтэй хүн болж хувирдаг.
Үе үе өвчин хууч нь хөдлөхөд гал унтраах арга хэмжээ авч, түр намдаахыгаа эрүүл болж байна гэж эндүүрч, нэрлэх өвчний тоо жилээс жилд нэмэгдэж, үрчийж шалхайж, өөрт зовиуртай, өрөөлд /улс орон, гэр бүл г.м/ дарамттай амьдарч байсаар ихэвчлэн өвчний улмаас зуурдаар нас бардаг.
Гэтэл өвдөх ямар ч зовиургүй, бие хөнгөн, ухаан саруул, зүс царай сайхан, сэтгэл тэнүүн, оргилсон их эрч хүчтэй, хийж бүтээх чадвартай эрүүл энх байх боломж хэний ч өмнө байдаг. Архаг өвчтэй хүн ч эрүүл байдалдаа буцаж орох боломжтой. Өвчин үүсгэгч шалтгаануудын 70-80 % нь буруу хооллолтоос үүдэлтэй байгаа нь нотлогдсон билээ. Буруу хоололт нь эрүүл мэндэд нөлөөлөгч бусад хүчин зүйлүүдийг бодвол бидний хүсэл зоригоос шууд хамааралтай учир засаж болохуйц төдийгүй үр дүн нь асар их тул онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай маш чухал асуудал юм.
Энэ нь эрүүл мэндээ хамгаалах хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Хүн амьд, эрүүл явах эрхтэй ч, эрүүл мэндийнхээ төлөө 70-80 % өөрөө үүрэг хүлээнэ гэсэн үг. Би өвдөж байх учиртай, эмч эдгээж байх ёстой гэсэн тогтсон ойлголтыг өөрчилж, эм, эмнэлэг төвтэй анагаах ухааныг шүтэх биш, хүн төвтэй нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжэх хандлага манай оронд ч эрчээ авч байна.
Энэ нь хамгийн зөв чиглэл болохыг хөгжингүй орнуудын жишээ нотолно.
Хүмүүс буруу хооллох болсон нь байгалиас холдсон соёл иргэншил, үйлдвэржилтийн сөрөг үр дагавруудын нэг юм. Хүнсний бүтээгдэхүүнээ хэт цэвэрлэж, тунгаан ариутгах болсон төдийгүй их хэмжээгээр үйлдвэрлэж, удаан хадгалж сурсан.
Амт, үнэр, өнгө гэх зэргээр мэдрэхүйн таашаалыг онцгойлон эрхэмлэх болж, гал тогооны ажил урлагийн хэмжээнд хөгжиж байгаа нь хоололтод улам гажуудал үүсгэх болжээ.
Хүн төрөлхтөн байгалиас өөрт нь заяасан хүнсийг гоёж өөрчлөлгүй натурал байдлаар нь хэрэглэдэг байхдаа ХХ зууны өвчин гэж нэрлэгддэг шүд, зүрх судас, бодисын солилцооны, элдэв үрэвсэлт болон үе мөч , арьсны өвчнүүд, харшил, хавдар /хортой, хоргүй/, хэт таргалах, бэлгийн сулрал гэх мэт эмгэгүүдэд хамаг нийтээрээ нэрвэгдэж байсангүй.
Химийн шинжлэх ухаан хөгжиж, эмнэлгийн тоног төхөөрөмж улам боловсронгуй болж, оношлогоо гайхалтай өндөр түвшинд хүрч, эмч нарын мэдлэг чадвар хосгүй болж байгаа ч дээрх өвчин эмгэгээс хүн төрөлхтөн салах нь бүү хэл, харин ч эдгээр өвчин улам залуужиж улс гүрнүүдийг бүхэлд нь түгшүүлэх болсон нь хамгийн харамсалтай.
Тиймээс бид дараах хэдхэн асуултыг өөрсөддөө тавьж, хариултаас нь зөв сонголт хийх хэрэгтэй юм. Үүнд:
Юуны тулд хоол иддэг вэ?
Юу идвэл зохистой вэ?
Яаж идэх ёстой вэ?
Энэ гурван асуултын хариулт нь “Ухаант мэргэн хүн өвчнөө эмчлэх бус өвдөхөөс урьдчилан сэргийлдэг” гэсэн хятадын эртний мэргэн үг ямар үнэн болохыг нотолно.
Юуны тулд хоол идэх вэ?
Энэ нь машиндаа яах гэж бензин, тос хийх вэ? гэж асуусантай яг адил.
Бид физиологийн хэрэгцээгээ хангах зорилгоор л хооллох учиртай. Энэ зорилго 2 үндсэн хэсгээс тогтоно. Үүнд:
1. “Барилгын материал”- аа авах
2. Эрчим хүчний хэрэгцээгээ хангах
Гайхамшигтай нарийн тохиргоотой, бие махбодь хэмээх “машин” хэвийн ажиллахад шаардагдах материал, түлш, сэлбэгийг бид зөвхөн хоолоороо л авах зохилдлоготой.
Өчүүхэн ч үл зогсох байнгын ажиллагаатай учир элэгдэж, эвдэрч байдаг 80 гаруй триллион амьд эсүүдэд хэвийн ажиллах, дахин төлжихөд нь зориулж “барилгын материал, сэлбэг хэрэгслүүдийг” тасралтгүй хүргэж өгөх хэрэгтэй.
Мэдрэлийн дохиоллыг дамжуулах цахилгаан эрчим хүч, биеийг байнгын 36-37 градус темпратуртай байлгах дулааны эрчим хүч, нүдээ анивчихаас эхлээд булчин, шөрмөсөө хөдөлгөх тэнхээтэй байлгах механик эрчим хүчийг бид эс дотроо л үйлдвэрлэнэ. Үүний тулд түлш шаардагдана.
Бие дотор цоо шинээр үйлдвэрлэгдэж, зарцуулагдаж байдаг олон төрлийн идэвхжүүлэгч, тохируулагч бодисууд болох фермент, даавруудад шаардагдах түүхий эдийг бас бэлтгэж өгөх ёстой. Ийм л зорилгод нийцүүлж хооллож чадвал бие махбодь маань хэвийн ажиллаж, эрүүл байх боломжтой.
Б.Гэрэлмаа “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?”
ХҮН ХҮМҮҮЖИХҮЙ булан
Төрсөн өдрөөр шинжихүй
Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнх