Сонинг гаргах болсон шалтгаан

Хүн өөрийн биеийг хоолоор хооллодог. Ямар хоол идэх вэ гэдэг сонголтыг бол хүмүүс ихэнхдээ хийж чаддаг. Хэрэв муудсан хоол идвэл миний бие хордоно гэдгийг мэддэг.
Харин та өөрийн оюун сэтгэлийг юугаар хооллодог вэ? Мэдээллээр. Хүн бол мэдээллийн бүтээгдэхүүн. Та ямар мэдээллээр хооллоно түүнтэйгээ төстэй л болно. Төсөөтэйгээс төстэй нь үүсдэг нь хорвоогийн хууль.
Бид мэдээллийн эрин зуунд маш их мэдээллийн давалгаан дунд амьдарч байгаа ч мэдээллийг шүүн тунгааж зөвхөн үнэн зөв хэрэгтэй мэдээллийг олох нь маш хэцүү болжээ. Элдэв шар сонины эцэс төгсгөлгүй улс төр, хий хоосон хов жив ”Тэр тэгэж гэнэ, энэ ингэж гэнэ” г.м хэнд ч ямар ч хэрэггүй хогон мэдээллээс залхаж гүйцлээ. Бид бараг л өдөр бүр муудсан хоол идэх мэт хогон мэдээллээр оюун, сэтгэлээ хордуулж байна. Яг авч буй мэдээлэлтэйгээ адилхан бүгд л гутранги үзэлтэй, сөрөг сэтгэлгээтэй болсон байна.
Тийм ээ, танд ямар мэдээлэл чухал хэрэгтэйг шүүн тунгаа. Хэрэггүй мэдээллийг өөрийн оюун ухаанд нэвтрэхийг бүү зөвшөөр. Хорт мэдээллийн хүчирхийллээс өөрийгөө хамгаал. Та машиныхаа хөдөлгүүррүү өдөр бүр шатахуун биш хог, шороо хийгээд байвал юу болох вэ?!! Тэгвэл мэдээлэл ч бас таны хөдөлгүүртээ хийж буй шатахуун юм шүү дээ.

Тэгвэл таны оюунд аминдэм, сэтгэл зүрхэнд анд байж чадах мэдээллийг хүргэхээр бид шийдсэн юм.

• Амьдрал гэж юу юм бэ, тасралтгүй хүмүүжих явц. Хүний мөн чанар бол өөрийгөө л хөгжүүлэх, хүний эцсийн зорилго ч бас хөгжихүй.

• Хүн төрөлхтөнд өөрийгөө төгөлдөржүүлэхээс өөр хөгжил байхгүй” Д.Батбаяр

• “Хүн болж төрөх бага хэрэг, хүн гэж нэрлүүлэхийн тулд оюун санааны хувьд дахин төрөх хэрэгтэй. Энэ бол хүнээс өөрөөс нь шалтгаална” О.Дашбалбар